Төвийн эрхлэгчийн мэндчилгээ

Бүх нийтийн боловсролын Инчоны тунхаглалаар “Тэгш хамарсан, тэгш боломжийг баталгаажуулсан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн суралцахуйг дэмжих” эрхэм зорилгыг дэвшүүлж, баталсан байдаг (ЮНЕСКО, 2015).  

Дээрх зорилгын хүрээнд хүүхдийн нас хүйс, нийгмийн гарал, баян ядуу, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг,  оюун ухаан, бие бялдрын ялгаатай байдлыг үл харгалзан, сургуульд тэгш хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрөх, сурах орчин нөхцөлийг нь баталгаажуулах, боловсролын тогтолцоогоо сайжруулах, улмаар чанар, үр дүнг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн улс орнууд анхаарал тавин ажиллаж байна.  

МУБИС, Нагояа Их сургуулийн хамтарсан  “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” нь  2016 онд байгуулагдан өвөрмөц хөгжлийн онцлогтой хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн болоод боловсролын оношилгоо, үнэлэгээг олон улсын туршалагад тулгуурлан судалгаа, сургалт, эцэг эх, багш нарт зориулсан зөвлөгөө  өгөх  ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлсээр ирсэн.  

Монголын ард түмний бүтээсэн хүлгэн их сударт “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэсэн мэргэн үг байдаг ч өнөөгийн манай нийгэмд, сургуульд  хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй хандахгүй  байгаа нь сургалтын чанарт нөлөөлж байна. Хөгжлийн онцлогтой, өвөрмөц сурах арга барилтай хүүхдүүдийн талаар ойлгож,  хандлага сэтгэхүйгээ өөрчлөхөд бидний үйл ажиллагаа чиглэж байна.  

Хүүхдийн оюун ухаан, физиологи, танин мэдэхүй, зан төлөв, нийгэмшихүйн, суралцахуйн хөгжлийг цогцоор нь үнэлэж, хөгжүүлж байж тухайн хүүхдийн амьдралд, улс орны хөгжилд ч хувь нэмрээ оруулсан ажил болох нь дамжиггүй.  МУБИС, Нагояа Их сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрдэмтэн багш нарын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд хүүхэд нэг бүрийн ялгаатай байдалд нийцсэн сургалтын  орчин, агуулга, арга зүйг хөгжүүлэх, баяжуулах хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байна.

МУБИС, Нагояа Их сургуулийн хамтарсан  “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”- ийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Одгэрэл